2010-05-21

Моддын шивнээг сонсдогсон бол...

Бусдаас өвөрмөц, атаархмаар үзэсгэлэнтэй, сүрлэг өндөр нэгэн мод байж гэнэ. Өглөөн нар моддын дундаас онцолж хамгийн анхны цацрагаараа түүнтэй мэндчилэхэд, шөнийн саран ч гэрлээ харамгүй тусгана. Бороо хамгийн эхний дуслаа түүнд зориулж, салхи хүртэл намуухан шуугих дууг нь сонсохын тулд ээрч хоргооно. Тэр модны мөчир дээр шувууд тухлах дуртайгаас гадна бяцхан хэрэмнүүд мөчир дамжин дүүлэхдээ эцэж ядрахаа мэдрэхгүй, хөгжилдөнө. Халуун нартайд сүүдэр нь хэн бүхэнд хүрэлцэхүйц байж, хүйтэн салхитайд бие нь үнэхээр нөмөр нөөлөгтэй аж. Түүнийг мэдэхгүй амьтанг тэр ойгоос олохгүй, түүнд атаархдаггүй мод тэр хавьд үгүй.
Тээр жилийн тэр нэгэн өдөр моддын дундаас онцгойрон буй түүнийг хүмүүс олж харжээ. Харахад дэндүү сайхан, хайр хүрэм, нөмөртэй, тэгсэн хэр нь сүрдмээр тэр модыг хүн хараад бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Хавийн модноос онцгой түүнийг хамгийн анхдагч нь гэж бодмоор... Хүмүүс тэр модыг шүтэв. Тэгээд хүндэтгэлийн нэр бодож олов. Оноов. Ээж мод гэж нэрлэв. Модод түүнд урьдынхаас илүүтэй атаархав.