2010-05-21

Моддын шивнээг сонсдогсон бол...

Бусдаас өвөрмөц, атаархмаар үзэсгэлэнтэй, сүрлэг өндөр нэгэн мод байж гэнэ. Өглөөн нар моддын дундаас онцолж хамгийн анхны цацрагаараа түүнтэй мэндчилэхэд, шөнийн саран ч гэрлээ харамгүй тусгана. Бороо хамгийн эхний дуслаа түүнд зориулж, салхи хүртэл намуухан шуугих дууг нь сонсохын тулд ээрч хоргооно. Тэр модны мөчир дээр шувууд тухлах дуртайгаас гадна бяцхан хэрэмнүүд мөчир дамжин дүүлэхдээ эцэж ядрахаа мэдрэхгүй, хөгжилдөнө. Халуун нартайд сүүдэр нь хэн бүхэнд хүрэлцэхүйц байж, хүйтэн салхитайд бие нь үнэхээр нөмөр нөөлөгтэй аж. Түүнийг мэдэхгүй амьтанг тэр ойгоос олохгүй, түүнд атаархдаггүй мод тэр хавьд үгүй.
Тээр жилийн тэр нэгэн өдөр моддын дундаас онцгойрон буй түүнийг хүмүүс олж харжээ. Харахад дэндүү сайхан, хайр хүрэм, нөмөртэй, тэгсэн хэр нь сүрдмээр тэр модыг хүн хараад бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Хавийн модноос онцгой түүнийг хамгийн анхдагч нь гэж бодмоор... Хүмүүс тэр модыг шүтэв. Тэгээд хүндэтгэлийн нэр бодож олов. Оноов. Ээж мод гэж нэрлэв. Модод түүнд урьдынхаас илүүтэй атаархав.
Ээж модны тухай ам дамжин яригдаж, айлчин гийчин тэр хавиар явахдаа үзэж сонирхох болж гэнэ. Хүндэтгэлийн гэгдэх хадаг яндраар мөчрийг нь чимэж, хавийн амьтнаас хамгаалж байгаа нь энэ гээд хашаа хүртэл тойруулан барьжээ. Хавийн амьтан, ургамлаас гадна хүмүүс хүртэл ийнхүү хандахад модод түүнд улам атаархсаар...
Хавийн моддынхоо атаархлыг төрүүлсэн Ээж мод тужийн нарсаараа алдартай Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бий. Түүнийг тойруулан барьсан хашаа их содон. Хүмүүсийн ууж, хэрэглэдэг цай байх юм. Ирсэн хүн бүр нэг цай хашаанд нэмэрлээд, нэг хадаг модноос зүүгээд, арц хүж асаан, арвай будаа цацаж, ам амандаа залбирна. Хэн тэр модыг ид шидтэй гэж цуурхал тараасныг, хаанаас тэр ид шид бий болсныг хэн ч үл мэднэ. Гагцхүү гайхалтай гэсэн сэтгэл өвөртөлж, гайтай асуудлуудаас хол байлгахыг гуйхаа л бодно. Хүмүүс олон янзын гуйлтыг тэр модонд шивнэдгээс үрийн зулай үнэрлэхийг хүссэн бүсгүйчүүдийн гуйлт жин дардаг гэсэн яриа бий.
Цаг хугацаа өнгөрсөөр... Тужийн нарсан дундаа тэнгэр өөд цойлсон өнөөх модны хувь заяа өнөөдөр тийм ч атаархам биш болжээ. Хүмүүсийн мөчрөөс нь зүүх хадаг яндар хэрээс хэтэрч, хавь ойрын хөрсийг нь тариа, будаа, арц, хүжний хог бохирдуулж, болгоомжгүй нэгний хүж уугиулах гэж асаасан шүдэнзнээс гал авалцан биеийг нь төөнөх түүнд үнэхээр гаслантай санагдана. Гэвч түүний зовлонт дууг хэн ч сонсохгүй байгаа мэт.
Мөчир дээгүүр нь хэрэм гүйлдэх битгий хэл шувууд тухлан суух зайгүй болтол хадгаар ороожээ. Шинэ жилийн гацуур биш болохоор шар, ногоон, цагаан, цэнхэр хадагнууд эрээлдэн байх нь утгагүй харагдана. Хөөрхий түүнийг нар өрөвдөхдөө гэрлээ тусгах авч мөчир бүрт шууд хүрэхээ байжээ. Салхи түүнтэй наадмаар байвч гаслантай дууг нь сонсдог болж. Хавийн модод түүний гаслант дууг сонсохдоо атаархал төрөхөө больжээ.
Ээж мод хүмүүсийн хайр гамгүй үйлдлээс болж шатаж, гоё сайхан байхыг болив. Түүний түүх ийнхүү эмгэнэлтэйгээр төгслөө гэж үү?
Хүмүүс Ээж модыг үгүйлэв. Түүнийг сэргээхээр шийдэв. Сэргээв. Дахиж тахин шүтэв. Гэхдээ мөнөөх зовлонт модыг бус түүний хажууханд урган байсан өөр нэгэн модонд нэр алдрыг нь шилжүүлсэн байна. Харин анхны Ээж модыг их биеэр нь газар хэвтүүлчихээд хүмүүс түүний дэргэд зургаа авахуулцгаана. Бие дээгүүр нь хайр гамгүй гишгэлнэ. Тэр нь хүмүүст илүү таатай боловч модны зовлон хэзээ дуусахыг хэн ч үл мэднэ.
Хоёр дах Ээж модтой зэрэгцэн буй бусад модод энэ удаа түүнд атаархсангүй. Бусдаас онцгой байхыг тэд хүсэхгүй болов. Моддын шивнээг сонсохыг үл хүсэгчид модонд зориулан шүлэг зохиож, хөшөө хүртэл босгожээ. Удаах Ээж модны хувь заяа хэрхэн төгсөхийг сэтгэл шимшрэн харах л үлдэв бололтой.


5 comments:

  1. Танидаг хүн харагдана.Харин тэрнээс илүү нь аав ээж минь байгаа нутгийн тухай бичлэг байна.Баярлалаа.

    ReplyDelete
  2. mm, iim mod baidiin bii.neeree yagaad ene modiig shuteh bolsiin bol.

    emgeneltei ch ene modnii talaar medeelel ugsund bayarlalaa.
    ungursun 7 honog neg naiz eej mod yavii gej baisan yum.
    amjval ochij uznee..

    ReplyDelete
  3. hi nutgiin min eej mod ochih bolgondoo ochij eej modondoo ochij zolgodog

    ReplyDelete
  4. hi bayrlalaa. bi yg eniig l iheer bodoj yvdag gevch yg yu hiij yah estoign mdhgvi ym. bi nutgiinhaa eej modond hairtai nutagtaa ochih bvrdee zaaval neg ochidog. Gevch ochih bolgondoo ene l muuhai zvilvvdn nadad mash emzeglvvshtai sanagddag. Hadag agaar salhi nevtrvvldeggvi uchiraas modiig mash iheer gemteedeg. Svvld shineer tahisan shine mod anh nov nogoon mochirtei saglaisan goy tom mo bsn getel odoo hedhen jiliin dotor gehedl gandaj ongoo aldsan bsn. Mod urgamal ch gsn amid shvvdee hvmvvsee. Ter hadgiig uyahaa bolichihvol yasiin. Hervee tiim l heregtei bdg ym bl Hajuudn tusdaa hadag tavidag, olgodog shon bosgochihoj bldggvi ymuu.

    ReplyDelete
  5. Сайн байцгаана уу? Арайчдээ ээ халаг минь гэж... шүтэж байсан модоо шатхаар нь газар унгаачихаад дээр нь сууж, гишгэж,алхаж байдаг ямар эмгэнэл вэ? хатуу хэлэхэд ЭЭЖИЙГЭЭ алчихаад дээгүүр нь гишгэлж байгаатай ялгаа юу байхав... Уур минь хүрч,зүрх сэтгэл минь сэмэрч урагдаж байна...Ёс заншлаа мэдэхгүй,байгаль дэлхийгээ хайрлаж чадахгүй байж энд очиж нүгэл үйлдээд яах юм хэнийг ч очуулахгүй байх хэрэгтэй. Цэвэрлэх ямар арга байгаа бол...

    ReplyDelete