2010-04-14

Зүрхний гоо сайхан



Хүмүүн бидний амьдрал, хэл яриа, соёл дэндүү баялаг ч заримдаа бид үгээр илэрхийлж, үзгээр бичимгүй тийм гайхалтай, тансаг, уянгалаг зүйлүүдтэй учирч шинэ мэдлэг, мэдрэмж олж авах нь бий. Тийм зүйлүүд бидэнд нэг хэсэгтээ л амьдралын эрч хүч, эерэг энерги өгч байдаг. Харин эсрэгээрээ энергийг маань сорж, хүчийг маань сулруулж байдаг зүйлүүд бий.
Хатуу сэтгэлтэй, чулуун зүрхтэй хүний тухай сонсож, тийм хүмүүсийн амьдралын хэв маяг, бусдад нөлөөлөх сөрөг энергийн талаар эргэцүүлэн бодож өр өвдөж байсан минь саяхан. Энэ талаар өөрийн бодлыг бичмээр, бусадтай хуваалцмаар байсан ч үзэг цаас эвлэж өгөхгүй нэлээн явлаа. Сөрөг зүйл гэдэг сөрөг л байдаг бололтой.
Гэтэл өчигдөр миний дотроос юу намайг тэгтлээ хатгаад байсныг санаандгүй байдлаар мэдэрсэн. Энэ бол хатуу сэтгэлийг зөөллөж чадах эерэг хүч байлаа.
Хүн алдахын тулд амьдардаггүй, харин амьдарч байгаа хүн алдаа гаргадаг. Хатуу сэтгэлтэй хүмүүс ч гэсэн өөрсдөө хүсээд тийм болдоггүй.
Бага насандаа туулж өнгөрүүлсэн амьдралын хар бараан сүүдэр хүүхдийн зан араншин, төлөвшилд нэлээд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл зүйчид судалсан байдаг. Бага насандаа ядуу, тарчигхан амьдралын хүнд бэрхийг туулж өнгөрүүлсэн хүүхдүүдийн ихэнх нь ядуу байхыг үзэн яддаг болох нь хэвийн үзэгдэл аж. Тэдний ихэнх нь үүнээс гарахын тулд маш их хүсэж, хичээдэг бөгөөд насанд хүрээд ядуурлаас ангижрахын тулд сонгосон арга зам нь янз бүр байдаг.
"Би л хичээх ёстой, би л өөрийгөө гэхгүй бол хэн намайг гэх билээ. Би л болж байвал бусад хүн ямар байх нь хамаагүй" гэсэн бодлын үр зарим нэгнийх нь бяцхан оюунд цацагдаад өсөж томрох тусам дагаад томорсоор... Энэ үр гүйцэд боловсрохын цагт хувиа хичээсэн, хаалттай, хатуу сэтгэл болж хувирдаг байна. Хэрвээ ийм хүүхэд ядуу чигээрээ үлдвэл бусдад атаархамтгай, бусдад буруу зүйл хийдэг, гутранги нэгэн болдог байхад боломжийн амьдарч байгаа нэг нь сайрхал, бардамналаар өөрийгөө хучиж өнгөрсөн амьдралаа далдлах гэж оролдоно. Тэдний хувьд нүүрэнд нь бардамнал тодорч, зүрхэнд нь хатуурлын процесс явагдаж байх аж. Ойр дотны хүмүүстээ сайнаар хандаж, эелдэг харьцдаг боловч цаанаа л нэг хүйтэн хөндий байдал бусадтай харилцахад нь хана болж байдаг бололтой. Тийм хүний хүрээлэлдээ нөлөөлөх байдал эерэг биш гэдэг нь тодорхой. тийм хүнээс жинхэнэ хайрын халуун илчийг мэдрэнэ гэж үгүй. Гэхдээ хэнтэй учирч, юу мэдрэхээс цаашдын бүх амьдрал энэ хэвээрээ байх уу, өөрчлөгдөх үү гэдэг нь хамаарна.
Хатуу сэтгэлтнүүдэд хамгийн хэрэгтэй зүйл бол хайрын мэдрэмж.
Эргэцүүллийнхээ төгсгөлд миний дотоод хүний дуу хоолойг сонсон буй танд зориулж нэгэн түүхийг өгүүлье.
<<Харахад ямарч өө сэвгүй, сайхан зүрхтэй нэгэн залуу байжээ. Тэр залуу өөрийнхөө зүрхийг хамгаас үзэсгэлэнтэй гэж бодсон учраас хүмүүсийг дуудаад зүрхээ харуулж гэнэ. - Хүмүүсээ миний зүрхийг хараач. Хамгийн үзэсгэлэнтэй зүрх надад байна гэх түүнийг бүчсэн олон үнэхээр өө сэвгүй, цэвэрхэн гоёмсог харагдах түүний зүрхийг бахдан биширнэ. Учир нь бусад хүмүүсийн зүрх ямар нэг шарх, сорвитой байх аж. Гэтэл олны дундаас нэгэн настан гарч ирээд: - Хүү минь миний зүрхийг хар. Миний зүрх чинийхээс үзэсгэлэнтэй, хамгийн сайхан нь гэжээ. Настангийн зүрхийг харвал нүд халтирмаар... Дэндүү их шарх, сорви, нөхөөс, онгорхой, цоорхой... Залуу эгдүүцэж: - Та юу ярина вэ? Таны зүрх хүн харахын аргагүй муухай юм гэжээ. Харин настан хариуд нь: - Чиний зүрх харахад гоёмсог ч хатуу, хүйтэн байна. Харин би маш олон хүнийг хайрлахдаа зүрхнээсээ таслаж өгдөг учраас миний зүрх онгорхой, цоорхой байгаа юм. Энэ олон нөхөөсүүд бол хүмүүсийн намайг хайрлаж өгсөн зүрхний хэсгүүд. Би бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж зүрхээ чимдэг. Одоогоор миний зүрх зарим хэсэгтээ онгорхой байгаа ч энэ цоорхойг нөхөх зүрхнүүд байгаа гэдэгт би итгэдэг гэв. Настангийн яриаг сонсож зогссон залуугийн зүрх шимширэв. Хайр түүний хатуурсан зүрхийг зөөлрүүлэхэд хэсгийг тасалж аваад настангийн зүрхний онгорхойг бөглөж өглөө. Хариуд нь настан ч мөн түүний зүрхийг өөрийнхөө зүрхний нэгээхэн хэсгээр нөхөж өгөв. Хэдийгээр нөхөөс яг таг таараагүй ч мөнөөх залуугийн зүрх урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй болжээ.>>
Бүх үзэсгэлэнтэй зүрхнүүдэд зориулав.

6 comments:

  1. "буруу зүйл хийдэг, гутранги нэгэн болдог байхад боломжийн амьдарч байгаа нэг нь сайрхал, бардамналаар өөрийгөө хучиж өнгөрсөн амьдралаа далдлах гэж оролдоно" энэ хэсэг л бараг хамгийн их хүч оруулсан хэсэг нь байж чадлаа минийхаар :D

    ReplyDelete
    Replies
    1. хэд хэдэн бичлэг дээр санал үлдээсэн байна лээ. Миний блогоор зочилж, идэвхтэй уншигч байсанд баярлалаа.

      Delete
  2. Үзэсгэлэнтэй зүрхтэй Нарашкаадаа баярлалаа.

    ReplyDelete
  3. Сувдаа, Үргэлж бусдын төлөө санаа тавьж байдаг чиний зүрх үнэхээр үзэсгэлэнтэй гэж би бодож байна. :)

    ReplyDelete
  4. үзэсгэлэнтэй зүрхтэй болохсон

    ReplyDelete
    Replies
    1. :) хэн нэгнийг хайрладаг хүн бүрийн зүрх үзэсгэлэнтэй гэж бодож байна.

      Delete