2010-01-21

Амьдралын тухай эргэцүүлэл - 1

Өөрийнхөө ирээдүйг тов тодорхой мэддэг нэг ч хүн байхгүй. Өнөөдөр амьд байгаа хүн маргааш, нөгөөдөр амьд байх эсэх нь тодорхойгүй. Бид бүгд л урсгалаараа амьдарсаар байдаг. Учир нь маргааш гэдэг өдөр бидний хувьд үргэлж ирэх юм шиг санаж, энэ талаар юу ч бодолгүй амьдардаг гэсэн үг.
Миний хувьд мөн адил өдөр хоногийг гэр-ажил-гэр-ажил... гэсэн товч бөгөөд тодорхой маршруттайгаар өнгөрүүлдэг. Хамаатан садан, найз нөхдийнхөөрөө орж гарах нь тун ховор. Найз нөхөдтэйгөө хааяа нэг хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан шалтаг гаргаж уулздаг ч хамаатан, садныдаа мэнд мэдэж очих нь бараг үгүй. Осолдохгүй л цагаан сараар ах, дүүгийнхээрээ айлчлан очиж мэнд мэдэж, царайгаа харуулдаг. Үнэндээ бид амьдрахын тулд ажиллаж байгаа биш, ажлынхаа заваар амьдраад байгаа юм шиг.

Эцэг

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь “Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.
(Эмпатти төвөөс...)

Өөрийнхөө хамгийн ойр дотны, хайртай хүмүүс болох гэр бүлийнхэндээ, эхнэр/нөхөртөө, хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй ажлын морь мал мэт ажлаас өөрийг мэдэхгүй, мэдрэхгүй амьдрах нь ямар ч утга учиргүй. Ажил, амьдралаа зохицуулах хэрэгтэй гэж ярьдаг ч тэр болгон бидний хүссэнээр зохицуулагдана гэж үгүй. Таныг хийхгүй гэвэл өөр хэн нэгэн тэр ажлыг хийх гээд л хүлээж байдаг. Дээрээс тийм л зарчим баримталж, хүмүүсийг хөдөлгөнө, зүтгүүлнэ. За яахав энэ ажлын ард гарчихвал дараа нь хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргана даа, ийм ч зүйлийг амжуулж, тийм ч зүйлийг хийнэ гэж төлөвлөж, тэрхэн үед сэтгэлээ хуураад л өнгөрдөг. Гэтэл маргааш би хүүхэдтэйгээ тоглоно, маргааш би ээжтэйгээ очиж уулзана гэх мэтээр хэзээ таны амьдрал дуусахыг мэдэхгүйгээр өдөр хоногийг өнгөрүүлж байтал нэг мэдэхэд хамгийн чухал зүйлээ хийж амжилгүй хадан гэртээ очих болно. Залуу ч бай, нас ахисан ч бай бид хэзээ энэ дэлхийг орхин явахаа мэдэхгүй. Хамаг ажлаа хаяад хайртай хүмүүстэйгээ байхыг сонговол ажилгүй болох эрсдэлтэй.
Азийн хөгжлийн банкны захиалгаар 2009 онд хийгдсэн "Ядуурлыг оролцооны аргаар үнэлэх нь" сэдэвт судалгаагаар хүмүүс ажилгүй, орлогогүй учраас л ядуу байна гэсэн үр дүн гарчээ. <<Судалгаанд хоёулаа ажилтай байснаа нэг сонгуулийн үр дүнгээс хамаараад дүүрэгт хэн нэгэн даргын нарийн бичиг ажилтай эхнэр, хэн нэгний жолооч ажилтай нөхөр нэгэн зэрэг ажлаас халагдсанаар өрхийн орлого "0" зааж байгаа нэгэн өрхийн талаар мэдээлэл цуглуулагджээ. Угийн доогуур албан тушаалтай, багахан цалинтай байсан гэр бүлийн 2 гэнэт ажилгүй болцгоосон нь тэр өрхийн амьжиргааг дундаж түвшнээс нэг шат доошилж ядуучуудын эгнээнд шилжих гол хөшүүрэг болсон байна. Өөр ажил хайж олно гэдэг хэр баргийн хүний хувьд тийм ч амар бүтэх зүйл биш. Тэд албан бус секторт хувиараа бизнес хийе гэхээр бизнес эхлэх мөнгө байхгүй. Гар дээрээс наймаа хийе, хоол цай хийгээд зах дээр аваачиж заръя гэхээр тийм ажлыг хийж амиа зогоож байгаа хүмүүсийн бүлэг аль хэдийн үүссэн байдаг аж. Тэдний амьжиргаагаа залгуулж буй эх үүсвэрийг булаах гэлээ гэж ад үзэгдэж, бараг зодуулах нь холгүй өнгөрсөн байна.>>
Энэ мэт жишээнээс харахад ажил хийж мөнгө олно гэдэг тун амаргүй. Тэр тусмаа хийж байсан ажлаасаа гарна, халагдана, тэтгэвэрт гарна гэдэг ихэнх өрхүүдийн хувьд, хүмүүсийн хувьд том цохилт болно. Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд хэдийгээр тэтгэврийн насыг уртасгах нэмэлт заалт орсон боловч хувь хүний хүсэлтээр гэсэн үг өгүүлбэр нь амьдрал дээр бараг хэрэгжихгүй. Төрийн албан байгууллагууд 2-3 жилийн өмнөөс тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд ахмад хүмүүсийнхээ нэрийг оруулчихаад хэзээ дараагийн хүнд зайгаа тавьж өгөхийг нь тэсэн ядан хүлээнэ.
Энэ бүхэн мэдээж нийгмийн амьдралыг бүхэлд нь харуулж чадахгүй ч ерөнхий дүр зургийг илэрхийлж байгаа.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудаас ажилчдынхаа ар гэр, нийгмийн асуудлыг нь харж үзэж, анхаарал тавьдаг байгууллага, албан газрын жагсаалтыг гаргана гэвэл нэг нүүр А4 цаас дүүрэхгүй л болов уу.
Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment