2010-01-27

Мөрөөдөл

Та мөрөөдөх дуртай юу? Мөрөөдөл гэж юу вэ? Мөрөөдөл хэрхэн, хаанаас бий болж, таныг хааш нь хөтөлдөг вэ? Та мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг үү?
Би бага байхаасаа л аливааг эргэцүүлэн бодох, хүсэж мөрөөдөх дуртай хүүхэд байсан. Миний бодлоор мөрөөдөл гэдэг хөрсөн дээр үр цацагдахтай адил бий болдог зүйл.
Хөрсөнд цацагдсан үрний ирээдүй хоёр салаа замаас эхэлдэг. Хөрсний чийглэг байдал, мөн чанар, нарны гэрлийн тусгал нь үр өсөж төлжих үү, хатаж хорчийх уу? гэдэгт онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв хөрсний бүтэц, мөн чанар тухайн төрлийн үр төлжин ургах нөхцлийг өчүүхэн төдий бүрдүүлж чадахгүй бол ямар ч ирээдүй байхгүй. Харин жоохон ч гэсэн боломж байвал үр төлжин ургаж, хэлбэр дүрсээ өөрчлөн, тэрүүхэндээ бэрх замыг туулан байж соёолох болно. Зарим нэг нь дэндүү хурдан, ямар нэг саадгүйгээр соёолох нь бий. Гэвч дөнгөж соёолон буй ургамал бүрт сайхан ирээдүй бий эсэх нь тодорхойгүй. Бяцхан соёогоо хөрсөн дэр цухуйлган буй ургамалд олон хүчин зүйл нөлөөлнө.
<<Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унав. Тэгээд хүмүүсийн хөлд гишгэгджээ. Огторгуйн шувууд тэдгээрийг идчихэв. Зарим үр нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолоод л хатчихав. Зарим үр нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэг ургаж, тэднийг барьчихаж. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац өгчээ (Лук 8:5-8)>>
Мэдээллийн эрин зуунд сонин, сэтгүүл, зурагт, радио, интернэт гэх мэт олон төрлийн эх үүсвэрээр маш их мэдээлэл цацагдаж байдаг. Түүнээс гадна найз нөхөд, гэр бүл, хамт олноосоо маш их мэдээллийг дам дамаа авч байдаг. Тэр их орон зайд цацагдаж буй мэдээллүүдээс хэрэгтэй нь ч бий, хэнд ч хэрэггүй мэт мэдээллүүд ч бий. Тэдгээр мэдээлэл нь тариан талбайд цацагдаж буй үр юм. Харин тариан талбай нь хүний оюун бодол. Мэдээлэл бидэнд ирэхэд бид өөрт таалагдсан зүйлийг илүү их сонирхож эхлэх үед мөрөөдөл бий болно. Хүн мөрөөдлөө анхаарч, тордох тусам мөрөөдөл томорсоор, заримдаа амьдралын зорилго болох нь ч бий. Тэгэхээр таны мөрөөдлийн эх сурвалж болсон мэдээлэл , өөр хэн нэгний хувьд хэрэггүй мэдээлэл ч байж болно. Зарим нэг нь шинэ мэдээллийг хүлээн аваад нэг мөрөөдлөө орхин огт өөр зүйлийг мөрөөдөж эхлэх нь цөөнгүй.
Мөрөөдлийг зүрхэндээ тээсэн хүн мөрөөдөнө, мөрөөдөлдөө умбана, бараг үнэн юм шиг, бодитоор болж байгаа мэт мөрөөдлөө ургуулан бодож, өсгөж томруулна. Ийнхүү бидний мөрөөдлийн ертөнц бүтээгдсээр байдаг. Сайхан, дэндүү сайхан. Тэгэхээр мөрөөдөл хүнийг баясгаж, цааш амьдрах урмыг өгдөг гэрэл гэгээтэй зүйл юм.
Мөрөөдлөө алдсан, мөрөөдөх зүйлгүй болсон тэр мөчөөс эхлэн бидний амьдралд харанхуйн сүүдэр үүрээ засдаг. Амьдрал утга учиргүй мэт санагдаж цаашаа алхах хүсэлгүй, амьдрах итгэлгүй болно. Ийм үед хүмүүс яахаа мэдэхээ байж, зүрхнийхээ гүнээс ямар нэг зүйлийг эрэн хайдаг. Магадгүй зарим нэг нь мансуурлыг сонгож байхад, зарим нэг нь амьдралын утга учрын тухай эргэцүүлэл, гүн ухааныг илүү сонирхож эхэлнэ.
Миний хувьд нэгэн цагт дэндүү сайхан мөрөөдлүүд дунд умбаж байсан ч сүүлийн үед мөрөөдлүүд маань хий хоосон ч юм шиг санагдаж, жинхэнэ утга учраа алдаж эхэлсэн.
Харин одоо би дахин нэг мөрөөдлөөр жигүүр хийн амьдарч байна. Энэ бол амьдралын утга учрын тухай, жинхэнэ үнэний тухай эрэн сурвалжилж, хий хоосон хийгээд бодит зүйлсийн ялгааг олж, хий хоосны төлөө биш, харин бодитоор орших зүйлийн төлөө амьдрах гэсэн мөрөөдөл.
Энэ дэлхий дээр мөнгө зарцуулах шаардлагагүй цөөхөн зүйлсийн нэг бол мөрөөдөл юм шүү. Мөрөөдлийн тухай энэхүү эргэцүүллийг минь таалан уншигч Та ч бас мөрөөдөж, мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдраарай.

2 comments:

  1. ямар гоё бичлэг вэ.
    тиймээ, мөрөөдөл бол үнэхээр амьдралын хөдөлгөгч хүч. яг одоо би үнэхээр мөрөөдөлдөө умбаж байгаа учраас, өдөр бүр өөдрөг байна аа :D
    Та дахин сайхан мөрөөдлүүдээр зүрхээ дүүргээд дүүлэн ниснээ гэдэгт итгэлтэй байна өө

    ReplyDelete
  2. Баярлалаа. Мөрөөдлөөр дүүрэн амьдрах болно оо.
    Чиний мөрөөдлүүд бодитоор биелэх болтугай. Амжилт хүсье.

    ReplyDelete