2010-01-13

Та бол цорын ганц

Сэтгэл санаа нь тавгүйтэж, бүхнийг орхиод зугтмаар санагдах үе хүний амьдралд тохиолдох нь бий. Юуны тулд амьдарч байгаа, яагаад ийм ажил эрхэлж, ийм газар амьдарч байгаа тухай, мөн намайг хүрээлэн буй хүмүүс яагаад заавал тэдгээр хүмүүс гэж... Яагаад? Яагаад? Яагаад?
Дээрх асуултууд ар араасаа цувран гарч, өөрийн төрсөн нутаг, эцэг эх, хамаатан садан гэх мэт зүйлсийг би өөрөө сонгодогсон бол гэх бодол зурсхийх үе таны амьдралд тохиолдож байв уу? Тэгвэл би Танд хэлье.
Та бол энэ хорвоо ертөнц дээр цорын ганц бөгөөд зөвхөн Танд зориулсан хувь тавилант амьдралтай хүн. Тантай яг ижилхэн, хос гэж энэ дэлхийн хаана ч байхгүй.
Миний нэг сайн найз надад хүний амьдрал гэдэг ямагт учир утгатай байдгийг харуулсан нэгэн киног нүдэнд харагдтал ярьж өгч билээ. Тухайн үед тэр киноны утга санааг оюун бодол хийгээд зүрхэндээ тодоос тод буулгаж аваад л үлдсэн.
Гэтэл саяхан TV9 телевизийн 2-р сувгаар тэр кино гарч байгааг олж үзлээ. Киног эхнээс нь үзэж чадаагүй болохоор ямар нэртэйг нь сайн мэдэхгүй л байна.
Тэр кинон дээр Жорж гэдэг нэгэн залуугийн амьдралыг өгүүлдэг. Жорж айлын том хүү бөгөөд аав нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг нэгэн. Жорж бага байхаасаа л их тусч хүүхэд байв. Тэрээр том болоод коллежид сурахыг, хайртай бүсгүйтэйгээ гэрлэж аз жаргалтай сайхан амьдрахыг мөрөөддөг байв. Харин эцгийнхээ ажиллуулдаг ББСБ-т үнэн голоосоо дургүй байж. Гэвч түүнийг эрийн цээнд хүрэх үед эцгийнх нь бизнес дампуурах тийшээ хандаж, улмаар эцгийнх нь бие ч муудаж, тэрхүү ББСБ-ыг өвлөн авч ажиллуулах хэрэгтэй болсон учраас коллежид сурах өөрийн мөрөөдлийг орхиж эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлжээ. Түүний аав ашиг орлогын хойноос хөөцөлддөггүй, харин ядуу, зүдүү, амьдралын боломж тааруу хүмүүст хоршооныхоо мөнгөөр байшин барьж өгдөг байж. Жорж энэхүү санаачлагатай, бусдад тустай үйл хэргийг залгамжилж авснаараа олон хүмүүсийн амьдралд тус дэм болсон учраас хотынхон нь бүгд түүнд сайн байдаг аж. Гэтэл нэгэн удаа санаандгүй тохиолдлоор тэдний ажил сүйрч, дампуурах дээрээ хүрчээ. Энэ нь Жоржод маш хүндээр тусч, өөрийгөө хүн болж төрөөгүй байсан бол сайхан байхсан гэж хүссэнээр бүх зүйл эхэлдэг.
Бурхан болон түүний сахиусан тэнгэрүүдэд итгэдэггүй тэрээр Бурханд хандан надад туслаач гэж гуйхад нь Бурханд түүнд туслуулахаар нэг санхиусан тэнгэр элчээ явуулсан боловч Жорж тэрхүү сахиусан тэнгэрт үл итгэнэ. Өөртэй нь адилхан эгэл жирийн тэр өвгөнийг харахдаа сахиусан тэнгэр гэж огтхон ч бодохгүй байлаа. Жорж өөрийгөө төрөөгүй байсан бол дээр байхсан гэж бодож, гутарч байх үед тэрхүү сахиусан тэнгэр түүнийг хэзээ ч хүн болж төрөөгүй байсан бол түүний эргэн тойронд байгаа бүхэн ямар байх байсныг Жоржод харуулав...
Жорж тэр өвгөнтэй цуг дарсны мухлагт очиж дарс уух боловч тэнд байгаа хүмүүс түүнийг огтхон ч танихгүй. Тэр ч бүү хэл олон жилийн өмнө дайны талбарт хүүгээ алдсанаасаа болоод сэтгэл санаа нь тавгүйтэж айлын хүүхдэд буруу эм өгөх гэж байхад нь болиулж зөв эм өгөхөд нь тус болж байсан эмийн санч өвгөнийг олж харлаа. Тэр өвгөнийг хүн болгон нүд үзүүрлэж, гадуурхан, доромжилно. Учир нь Жорж огт байгаагүй учраас тэр хүн айлын хүүхдэд буруу эм өгснөөсөө болж хүний амь насанд хүрсэн хэргээр 20 жил шоронд суугаад гарч ирсэн боловч архинд донтсон нэгэн болсон байв. Жорж тэндээс гараад ээж рүүгээ явсан боловч ээж нь түүнийг үл танина. Тэр ч бүү хэл 9 настай байхад нь усанд живэхээс аварсан дүү нь Жорж байгаагүй учраас усанд живж нас барсан байжээ. Түүний хайртай бүсгүй нь хүнтэй суулгүй, ганц бие амьдарч, Жоржийг үл таних бөгөөд эхнэртэйгээ дэр нийлүүлэн амьдрахдаа засаж, тохижуулж амьдарч байсан хуучин байшин нь улам навсгар, сарампай болсон байхыг тэр өөрийн нүдээр үзлээ. Түүний босгож бий болгосон цэцэрлэгт хүрээлэн оршуулгын газар болж, түүний амьдардаг хот зугаа цэнгээний хот болон хувирсан байгаа нь түүнд огтхон ч таалагдсангүй. Тэр хотын нэг ч хүн Жорж болоод түүний амьдарч байсан хотын талаар огтхон ч мэдэхгүй, өөр өөрсдийнхөөрөө амьдарсаар...
Хэдийгээр "Ам алдвал барьж болдоггүй
Агт алдвал барьж болно" гэдэг үг байдаг ч Жорж хэлсэн үгээ буцааж, хуучин амьдралыг нь буцааж өгөхийг гуйв. Тэрээр Жорж гэдэг хүнийг дахин амьдруулахыг хүссэн нь биеллээ олж эргээд өөрийн хоттоо, Жорж хэвээрээ үлдлээ. Бүх зүйл танил дотно, эхнэр хүүхдүүд, дампуурахад бэлэн болсон ББСБ нь хүртэл түүнийх. Олон хүний мөнгөөр луйвар хийж, бизнесээ дампууруулсан гэж буруутган түүнийг авч явахаар гэрт нь ирсэн банк, цагдаа, шүүхийн төлөөлөгчид хүртэл түүнийг баярлуулна. "Сайн санааны үзүүрт тос" гэдэгчлэн Жоржид хэцүү зүйл тохиолдсоныг мэдсэн хотынхон нь бүгд түүнд зориулан сагс дүүрэн мөнгө хандивлаж, амьжаагүй нэг нь ар араасаа цувран ирсээр л... Жорж аврагдлаа.
Жоржийн нэгэн адил таны, миний амьдрал ч мөн утга учиртай. Маш өчүүхэн тус дэм хүртэл бусдын амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч чаддагийг би ойлгосон.
Дахин хэлэхэд Та бол цорын ганц.


2 comments:

  1. Найз нь бас энэ киног дундаас нь эхэлж үзсэн юм байна. Тэгээд урд нь үзэж байсан ч юм шиг, уншиж ч байсан юм шиг санагдаад гайхаад байсан юм, чи надад ярьж өгөж байсан юм байна ш дээ. Үнэхээр гоё утга санаатай кино байна лээ. Баярлалаа ахин сануулсанд.

    ReplyDelete
  2. Тийм шүү. Таалагдлаа.

    ReplyDelete