2010-11-29

Хайртай, дотны хүмүүстэйгээ ойр ойрхон ярьж бай.

Хүн бүрт хайртай, дотны хүмүүс бий. Ээж, аав, найз нөхөд, хамаатан садан, хүндэлж хайрлаж явдаг хүмүүс. Бид тэдэнтэйгээ бүгдтэй нь өдөр бүр уулзаад байж чаддаггүй.
Ажил - амьдрал - ажил - амьдрал гэсэн цикл үргэлжилсээр байтал нэг мэдэхэд хэдэн өдөр, 7 хоног, сар өнгөрчихсөн байдаг. Ямар нэг шалтаг гарч ирэхгүй л бол зарим нэгтэй нь бүр уулзаж амжихгүй явсаар л байх болно. Тэдэнд юу тохиолдож, ямар асуудал тулгарч, сэтгэл санаа нь ямар байгааг мэдэхгүй л өнгөрсөөр...

2010-10-27

Ажлын хажуугаар сурна гэж өөрийгөө хуурагсад...

Хоёр туулай хөөсөн хүн аль ч үгүй, хоосон хоцорно гэж ухаант өвөг дээдэс минь зүгээр ч нэг сургамжлаагүй. Үнэндээ амьдрал дээр хоёр туулай хөөсөн хүн тэр бүр амжилтанд хүрдэггүй.
Манай Монголын боловсролын систем хөгжиж байгаа. Гэхдээ л дутуу дулимаг, сэтгэл дундуур байх зүйлүүд нэлээд байсаар л байхын.

2010-10-14

Өнгөрөгч цаг хугацаа гэж...

Хэтэрхий үнэтэй цаг хугацааг дурсамжаар хучаад
Хэнэггүйхэн оршуулж билээ...
/by Сэгсгэр/

2010-05-21

Моддын шивнээг сонсдогсон бол...

Бусдаас өвөрмөц, атаархмаар үзэсгэлэнтэй, сүрлэг өндөр нэгэн мод байж гэнэ. Өглөөн нар моддын дундаас онцолж хамгийн анхны цацрагаараа түүнтэй мэндчилэхэд, шөнийн саран ч гэрлээ харамгүй тусгана. Бороо хамгийн эхний дуслаа түүнд зориулж, салхи хүртэл намуухан шуугих дууг нь сонсохын тулд ээрч хоргооно. Тэр модны мөчир дээр шувууд тухлах дуртайгаас гадна бяцхан хэрэмнүүд мөчир дамжин дүүлэхдээ эцэж ядрахаа мэдрэхгүй, хөгжилдөнө. Халуун нартайд сүүдэр нь хэн бүхэнд хүрэлцэхүйц байж, хүйтэн салхитайд бие нь үнэхээр нөмөр нөөлөгтэй аж. Түүнийг мэдэхгүй амьтанг тэр ойгоос олохгүй, түүнд атаархдаггүй мод тэр хавьд үгүй.
Тээр жилийн тэр нэгэн өдөр моддын дундаас онцгойрон буй түүнийг хүмүүс олж харжээ. Харахад дэндүү сайхан, хайр хүрэм, нөмөртэй, тэгсэн хэр нь сүрдмээр тэр модыг хүн хараад бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Хавийн модноос онцгой түүнийг хамгийн анхдагч нь гэж бодмоор... Хүмүүс тэр модыг шүтэв. Тэгээд хүндэтгэлийн нэр бодож олов. Оноов. Ээж мод гэж нэрлэв. Модод түүнд урьдынхаас илүүтэй атаархав.

2010-04-30

Тэсэхүйеэ бэрх


Заримдаа би бүхнээс залхдаг
Замын хөдөлгөөн, дуут дохио
Залуусын доргион, зугаа цэнгэл
Нэг хэвийн ажлын өдрүүд
Их хотын дуу чимээ
Бүх зүйл тэсэхүйеэ бэрх

2010-04-23

Хэрүүл маргааны эзэн

Хэрэв бүх буруу нэг талд байсан сан бол хэрүүл тийм удаан үргэлжлэхгүй сэн.
Ларошфуко

2010-04-22

Өөр амьдрал хүсээд...


Зохиогч: Б.Батзаяа

Өөрт байгаадаа сэтгэл нь ханадаггүй
Өөр илүүд хэтэрхий шунан дурладаг хүмүүст зориулсан шүлэг.


Шувуу байж гэнэ.
Загас байж гэнэ.
Тэнгэрээр нисдэг байж.
Тэнгист сэлдэг байж.
Адилгүй, хоорондоо шал өөр...
Атаархаж, өөр амьдралыг хүсэж...

Тэнгэрээс уйдаж шувуу тэнгисийг мөрөөднө
Тэнгисээс залхаж загас тэнгэрийг хүснэ
Загас шувуунаас далавчийг нь гуйж гэнэ
Загаснаас шувуу сэлүүрийг нь нэхэж гэнэ
Өөрөө л хүссэн. Шувуу далавчгүй,
Гэхдээ сэлүүртэй болсон
Өөрөө л хүссэн. Загас сэлүүргүй,
Гэхдээ далавчтай болсон
Тэнгэрт нэг нь хатаж үхсэн.
Тэнгист нөгөө нь живж үхсэн.

2010-04-20

Эр хүний дотор руу өнгийж үзмээр...

УДЭТ-ын тайзнаа эдvгээ дэлхий дахинаа алдаршаад буй жvжгийн зохиолч В.Красногоровын "Одоо эсвэл хэзээ ч үгүй" жүжгийн зохиолыг найруулж тавьсан "Би ч гэсэн жаргамаар байна" мелодрамыг үзэв. Жүжиг үзэхэд төрсөн мэдрэмжүүдээ эвлүүлэн байж нэгэн шүүмж бичсэнээ уншигч авхай та бүхэнтэй хуваалцаж байна. Жүжгийн талаар санал бодлоо илэрхийлэхдээ гэр бүл салалтын шалтгаан, үр дагаварыг тайлбарлалгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодол, хандлага, хүсэл мөрөөдөлд шинжилгээ хийлээ.
Жүжигт хүний амьдралын эрээн бараан, алдаа оноо, хүсэл ба хяслыг маш нарийн мэдрэмжтэйгээр харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, нэгийг бодогдуулсан буйзаа. Өнөөгийн нийгэмд жүжигт харуулсанчлан үйл явдал олон гэр бүлийн амьдралын толинд туссан тусгал болоод байгаа нь үнэн. Сэтгэл хөрөлт, гэр бүлийн урвалт, дурлал, тачаал, эрх чөлөөг хүсэн тэмүүлэх сэтгэл бид бүхний амьдралд хүсэл ба хясал гээчийг хослуулан байдаг.

2010-04-16

Оддын дундаас онцгойрон гэрэлтэж буй нэгэн одонд ...


Хорь гаруй жилийн тэртээ
Хорвоод хосгүй энэ өдөр
Хувь тавилант амьдралаар амьдрах л гэж
Хүний орчлонд төржээ чи

Энгийн биш онцгой зорилгоор бүтээгдэн
Эгэл биш хүмүүний орчлонд мэндэлсэн
Жирийн Монгол охин Чимгээгийн минь амьдралд
Жинхэнэ хайр, ивээл, нигүүлсэл дүүрнээс дүүрэн байх болтугай.

Төрсөн өдрийн мэнд хүргэе.

2010-04-14

Час улаан алим

Хүний чанарыг ханилан байж мэднэ...
Найзаар минь намайг танина...
гэх зэргээр хүмүүсийн зан чанарыг хэрхэн мэдэж болох тухай олон зүйрлэлүүд байдаг.
Нээрээ л бид хүмүүсийг хөндлөнгөөс хараад тийм, ийм гэж таамаглаж дүгнэхээс биш дотоод хүний мөн чанарыг шууд таних боломжгүй. Сэтгэл зүйчдийн хувьд арай өөр өнцгөөс харж, шинждэг боловч бас л учир дутагдалтай.

Зүрхний гоо сайхан



Хүмүүн бидний амьдрал, хэл яриа, соёл дэндүү баялаг ч заримдаа бид үгээр илэрхийлж, үзгээр бичимгүй тийм гайхалтай, тансаг, уянгалаг зүйлүүдтэй учирч шинэ мэдлэг, мэдрэмж олж авах нь бий. Тийм зүйлүүд бидэнд нэг хэсэгтээ л амьдралын эрч хүч, эерэг энерги өгч байдаг. Харин эсрэгээрээ энергийг маань сорж, хүчийг маань сулруулж байдаг зүйлүүд бий.

2010-03-12

Заримдаа би...

Өдөр бүр зэрэгцэн суугаад ажилладаг
Өөрт байгаа бүхнээрээ бие биесээ дэмждэг
Инээвэл хамтдаа баярлан хөгждөг
Уйтай үед гунигаа хуваалцдаг

Хөөрхөн найздаа БАЯРЛАЛАА гээд дараах шүлгийг зориулав.

Заримдаа би хүсэл тэмүүллээс залхдаг
Замын араншин, явуулын салхинаас шантардаг
Уйдаж болох бүхэнтэй эрт танилцахаас айдаг
Уруулын будаг, оо энгэсэгт нүүрээ тушаахаас гэрэвшдэг
Уучлуулах хэрэг хийн, уйлж гуймаар бодогддог...

2010-02-11

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

О.Дашбалбар

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

2010-01-27

Мөрөөдөл

Та мөрөөдөх дуртай юу? Мөрөөдөл гэж юу вэ? Мөрөөдөл хэрхэн, хаанаас бий болж, таныг хааш нь хөтөлдөг вэ? Та мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг үү?
Би бага байхаасаа л аливааг эргэцүүлэн бодох, хүсэж мөрөөдөх дуртай хүүхэд байсан. Миний бодлоор мөрөөдөл гэдэг хөрсөн дээр үр цацагдахтай адил бий болдог зүйл.

2010-01-25

Урам хайрласан үгийн хүч

"ҮГ бол хоёр талдаа иртэй хурц илд юм" гэж бичсэн байдаг. Үнэхээр хүний амнаас гарч буй үг бүрт хүч бий. Ганц хоёрхон үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Түүнчлэн хүний амнаас гарах үгний тухай "Хүн амандаа орж байгаа зүйлээс бус харин амнаасаа гарч буй зүйлээс болж бузартдаг" гэж маш агуу Нэгэн хүн сургасан байдаг. Энэ нь бохир гараараа, бохирдсон зүйл идсэн байлаа ч их л удаж гэдэс нь өвдөж эвгүйрхэнэ, харин бузар, хорон үгс амнаасаа гаргаж буй хүн хэлсэн үгнээсээ болж ямар ч толбо арилгагчаар арилгаж, эм уугаад намдааж боломгүйгээр бузартаж болно гэсэн утгатай. Тиймээс ам, хэл гэдэг дэндүү их хариуцлагыг араасаа дагуулдаг аж.

2010-01-21

Амьдралын тухай эргэцүүлэл - 1

Өөрийнхөө ирээдүйг тов тодорхой мэддэг нэг ч хүн байхгүй. Өнөөдөр амьд байгаа хүн маргааш, нөгөөдөр амьд байх эсэх нь тодорхойгүй. Бид бүгд л урсгалаараа амьдарсаар байдаг. Учир нь маргааш гэдэг өдөр бидний хувьд үргэлж ирэх юм шиг санаж, энэ талаар юу ч бодолгүй амьдардаг гэсэн үг.
Миний хувьд мөн адил өдөр хоногийг гэр-ажил-гэр-ажил... гэсэн товч бөгөөд тодорхой маршруттайгаар өнгөрүүлдэг. Хамаатан садан, найз нөхдийнхөөрөө орж гарах нь тун ховор. Найз нөхөдтэйгөө хааяа нэг хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан шалтаг гаргаж уулздаг ч хамаатан, садныдаа мэнд мэдэж очих нь бараг үгүй. Осолдохгүй л цагаан сараар ах, дүүгийнхээрээ айлчлан очиж мэнд мэдэж, царайгаа харуулдаг. Үнэндээ бид амьдрахын тулд ажиллаж байгаа биш, ажлынхаа заваар амьдраад байгаа юм шиг.

2010-01-15

Хамгийн чухлаас нь ...

Емпатти төвөөс эрхлэн гаргадаг "Сургамжит өгүүлэл", "Шинэ ертөнц" гэх мэт сэтгүүлүүдээс гадна гэр бүл, нийгмийн олон асуудлыг хөндөн тавьж, нэгийг бодогдуулж, зөвлөгөө, сургамж авч болохуйц бусад номнууд миний унших дуртай номнуудын нэг хэсэг.
Энд танд хэрэгтэй нэгэн өгүүллийг толилуулъя.

2010-01-14

Амьдралын хуудас

Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих байсан бэ? Түүхэн номын дунд уу, эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил газар тавих байсануу эсвэл хичнээн гярхай хүн байлаа ч олж үзэхээргүй газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу, эсвэл хаа нэгтээ гаргаад, тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад сэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал нь унших уу, эсвэл тэр дороо хаагаад орхих уу? Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр “Амьдралын анхны” гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал хэр санагдах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн сонирхолтой мөчийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчдад хандан юу хэлэх вэ?

2010-01-13

Та бол цорын ганц

Сэтгэл санаа нь тавгүйтэж, бүхнийг орхиод зугтмаар санагдах үе хүний амьдралд тохиолдох нь бий. Юуны тулд амьдарч байгаа, яагаад ийм ажил эрхэлж, ийм газар амьдарч байгаа тухай, мөн намайг хүрээлэн буй хүмүүс яагаад заавал тэдгээр хүмүүс гэж... Яагаад? Яагаад? Яагаад?
Дээрх асуултууд ар араасаа цувран гарч, өөрийн төрсөн нутаг, эцэг эх, хамаатан садан гэх мэт зүйлсийг би өөрөө сонгодогсон бол гэх бодол зурсхийх үе таны амьдралд тохиолдож байв уу? Тэгвэл би Танд хэлье.
Та бол энэ хорвоо ертөнц дээр цорын ганц бөгөөд зөвхөн Танд зориулсан хувь тавилант амьдралтай хүн. Тантай яг ижилхэн, хос гэж энэ дэлхийн хаана ч байхгүй.